Үг: Х.Лхагвасүрэн, Ц.Энхтайван
Ая: Я.Одсүрэн
Алдаж явсан ч чиний аав хүн шиг хүн байсан гээд
Та минь дандаа дурсан ярьдаг юм
Алхаж яваа нь аавтайгаа адилхан шүү гээд
Энхрийлж намайг зүйрлэн байдаг юм
Эцгийн асаасан голомтыг хөргөхгүй л гэсэндээ
Дэлхий дээр амьдралыг ганцаараа туулж дээ
Энгэртээ тэвэрч үлдсэн хайртай үр биднээрээ
Элгээ дэвтээж өдийг хүргэж дээ
Хацар дагасан бүлээн нулимс чинь
Ухаарах хэрэгтэйг зөн совинд минь шингээж дээ
Гашуун үнэнийг нууж хадгалсаар
Ганцаардлыг туулж давсан юм шүү дээ, ижий минь
Онож явсан ч чиний аав даруухан байсан гээд
Та минь ханиа бахархан ярих юм
Инээж байгаа нь аавыгаа дуурайсныг яана гээд
Цайныхаа дээжийг хүүдээ барьдаг юм
Олон жилүүдийн ганцаардлаа мэдрүүлэхгүй гэсэндээ
Орчлон дээр сэтгэлээ хатамжилж явсаар
Энгэртээ тэвэрч үлдсэн хайртай үр биднийгээ
Эгэлгүй хайраар ивээж байдаг юм
Хацар дагасан бүлээн нулимс чинь
Ухаарах хэрэгтэйг зөн совинд минь шингээж дээ
Гашуун үнэнийг нууж хадгалсаар
Ганцаардлыг туулж давсан юм шүү дээ, ижий минь