Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ
Харах тусам нүдэнд өөриймсөөд
Хайрлах тусам зүрхэнд хоногшино
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Онгон зүрхний чинь хайрыг амтлах гээд
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Жаргал амтлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байж
Замбуулин хорвоог хамтдаа элээх
Ханийн түшиг чамдаа амлая