Галт, Цэрэнпагма – Ванлий

Ааш байгаад Ванлий гэдэг чинь амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагины нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь гэнэ шүү хө

Номин хөх тэнгэрийн өлмийд усан болрын мяралзаан дагшин
Ногоон дарь эх бурхны гүнгэрваа мэлмий тунгалаг агшинд
Хайрхад уулын оройд дэлгэрсэн вансэмбэрүү цэцгийн дэлбээ
Хараа алдам талын чөлөөнд хурмаст асгарсан гэлтэй
Түм түмэн өлзий, үүлэн аязын эгшиг яруухан зөөлөн байж
Төрхний сайханг бурхны мутраар урлан ховор хувь заяа дайж
Бидэртэх амгалан хорвоогийн оршихуйд ялдам бүхнийг шингээсээр
Билгүүн төгөлдөр, үзэсгэлэн гоо бүсгүйн тавилан мэндэлжээ

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сүмийн Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хө
Залуучууд түүнийг үзээд харуусмаар Ванлий хө
Ванлий юм аа хө

Сүмбэн хуруу нь үгүй бол ятгын тансаг утсанд амь үгүй
Сүүдэрт ургах бадмын өнгийг сүлсэн сэтгэл амирлангуй
Сүмбэр уулын бэлээс нь түүсэн чулуунд чамайг гэх хүсэл байлаа
Сүн далай шиг бодлын минь чандад гуйсан битүүхэн сүсэг байгаа
Хоргой торгон дээлийнх нь энгэрээс ховс мэт үнэр сэнх хийнэ
Хорвоогийн элгэнд тооноо босгож хослуулна арга билгийг
Этүгэн байгалийн хяруу буугаагүй толь мэт тунгалаг харцанд
Илбүүлэх аргамжааны чулуу мэт эр бие минь хэзээд автана

Үдлээд буцах усны шувуудын даль жигүүр цуцдаггүй шиг
Үүрдийн үүрд сэтгэлийн халуун амгайг нэгэнтээ татахгүй
Солонгын долоон өнгө солгой дэлхийг сор шиг чимж байна харж байна уу түүнийг
Санаа бүү зов тэнгэрийн алсаас сарнихгүй үүл шиг чам руу нүүнэ би
Ардын сайхан дууны амь шиг арван жарандаа мөнхөрсөн
Аз жаргал, өвгөдийн буяныг хамт хүртэн нэгэн насаа өнгөрөөх сөн
Аргагүй сайхан аялгуут хөгжим, мичдийн өнгөнд буусан Ванлий
Амьсгалын сүүлийн мөч хүртлээ насан туршдаа чамтай ханилъя
Залуучууд түүнийг үзээд харамсмаар ванлий хө

Аргагүй сайхан аялгуут хөгжим, мичдийн өнгөнд буусан Ванлий
Амьсгалын сүүлийн мөч хүртлээ насан туршдаа чамтай ханилъя
Ванлий

Sign Up for Our Newsletter