Халуун салхи салхилав
Хаа газар гэсэж
Харьсан шувууд ирэгч
Хавар цагийн дохио доо
Зүйт нар гарав
Зүс хур нь оров
Зүлэг суль сэргэгч
Зун цагийн дохио доо
Нарийн салхи салхилав
Навч цэцэг нь шарлаад
Нарийн дуутан буцагч
Намар цагийн дохио доо
Өргөн үүл гарав
Өндөр хангай бүрхэв
Үүлний цасан будрагч
Өвөл цагийн дохио доо
Үдийн наран гудайж
Үе нас нь өнгөрч
Өтгөн үс нь бууралтагч
Өвгөн болохын дохио доо
Энэ дууны нэрийг
Таван дохио гэнэ ээ
Эрдэнэт ноён хутагт
Эгшиглэн дуулж зохиожээ