Цэргийн дүрэмд цэгцэрсэн цэл залуухан найзууд минь
Цэцэн буугаа мөрлөсөн цэнхэр алсын харуулууд минь
Тушаал авсан тангарагтай дотны хэдэн андууд минь
Торгон хилээ хамгаалсан мөрдөс нэгтэй хөвгүүд минь
Ахлах даргын өмнө номхон зогсох үүрэгтэй ч
Амьдрал жаргалын замдаа бие биесээ түшсэн
Хилийн цэргээр овоглосон амь нэгтэй ах дүүс минь
Хичнээн хугацааг туулавч хамтдаа юм шүү хэдүүлээ
Төрийн сүлдэт баганаа хамгаалж зогссон найзууд минь
Төрөлх нутгаа өмөөрч харуулд гарсан андууд минь
Алдаж болохгүй газрыг амиараа сахисан хөвгүүд минь
Ариун дагшин орны алтан соёмбот цэргүүд минь
Ахлах даргын өмнө номхон зогсох үүрэгтэй ч
Амьдрал жаргалын замдаа бие биесээ түшсэн
Хилийн цэргээр овоглосон амь нэгтэй ах дүүс минь
Хичнээн хугацааг туулавч хамтдаа юм шүү хэдүүлээ
Хилийн заставт ижилдсэн хээгүй сайхан найзууд минь
Хээрийн манаанд хамтарсан хээнцэр дэгжин залуус минь
Жанжин тугандаа мөргөж эгцлэн ёсолсон эрчүүд минь
Жавартай шөнөөр ч жиндээгүй хилийн цэргийн андууд минь